Москва дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудын нэг

Москва дэлхийн хамгийн  үнэнч иргэдтэй хотуудын нэг... Үүнтэй  та  санал нийлэх үү? Хэрвээ эргэлзэж байгаа бол доорх мэдээллийг уншаад нэг үзээрэй.

АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлээс дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудыг шалгаруулахаар рэйтинг өндөртэй 16 хотыг сонгон авч “Алдсан түрийвч” хэмээх нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ.

Ингэхдээ хот бүрийн цэцэрлэгт хүрээлэн, их дэлгүүр зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад 12 түрийвчийг албаар гээсэн дүр исгэж эдгээр 12 түрийвчнээс хэдийг нь эргүүлж өгснөөр нь хамгийн үнэнч иргэдтэй хотуудыг шалгаруулжээ.

Жич: Сэтгүүлчид гээсэн 12 түрийвч тус бүртээ гэр бүлийн зураг, нэрийн хуудас болон $50 ам.долларыг хийж үлдээсэн байсан бөгөөд түрийвчээ гээсэн газартаа олсон хүнийг нь эргүүлж өгөхөөр залгах болов уу хэмээн алсаас ажиглаж байжээ. Ингээд хамгийн үнэнч иргэдтэй “Топ - 10” хоттой танилцацгаая.

1. Хельсинки, Финлянд

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 11

Дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотоор Финляндын Хельсинкийн иргэд тодорчээ. Түрийвчийг олж өгсөн хүмүүсийн дотор Лассе Ломакоски (27 нас) гэдэг бизнесмэн байсан бөгөөд тэрээр “Финляндчууд бол маш үнэнч, нөхөрсөг хүмүүс шүү дээ. Манай оронд авилгалд идэгдсэн хүмүүс маш цөөхөн бөгөөд улаан гэрлээр зам хөндлөн гүйх ухамсаргүй иргэд ч бараг байхгүй” хэмээн өгүүлжээ. Харин 60 гарч яваа гэр бүлийн хэлснээр үнэнч шударга зан бол ухамсрын түвшинг илэрхийлэх гол хэмжүүр гэдгийг онцолжээ.

1. Хельсинки, Финлянд

2. Мумбай, Энэтхэг

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 9

Албаар гээсэн 12 түрийвчний нэгийг эргүүлж өгсөн эвлүүлэгч мэргэжилтэй Рахул Райгийн (27 нас) хэлснээр дотор хүн, дотоод ухамсар нь хэзээ ч хэнд ч муу зүйл хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд түрийвч бол хувь хүний хамгийн чухал бичиг баримтаа авч явдаг маш хэрэгтэй зүйл шүү дээ гэжээ. Харин шуудангийн салбарт гээсэн түрийвчийг олж өгсөн хатагтай Вайшали Маскарын тухайд тэрээр хүүхдүүддээ үнэнч шударга байхыг байнга хэлж захидаг нэгэн гэнэ.

2. Мумбай, Энэтхэг

3. Будапешт, Унгар

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 8

Зам дээр гээсэн 12 түрийвчийн нэгийг 17 настай Режина охин олсон бөгөөд тэрээр түрийвчин дэх нэрийн хуудасны дагуу утсаар холбоо барьж даруй эргүүлж өгсөн байна. Тэрээр аавынхаа хамт машинтай явж байсан бөгөөд зам дээр гээгдсэн түрийвчийг анх аав нь олж харсан гэнэ. Тэгвэл 60 гаруй настай гэмээр нэгэн эмэгтэй түрийвчийг олчихоод нээж үзэнгүүтээ ойролцоох барилга руу ороод сураггүй болсон тохиолдол ч гарсан гэнэ.

3. Будапешт, Унгар

4. Нью Йорк, АНУ

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 8

Төрийн албанд ажилладаг Ричард Хэмилтон (36 нас) гээсэн түрийвчийн нэгийг хотын захиргааны байрны гаднаас олж эргүүлэн өгчээ. Түүний бодлоор хүн бүр Нью Йоркчуудыг хүн муутай гэж үздэг ч үнэхээр эелдэг, сайхан хүмүүс шүү дээ гэсэн байна. Гэвч түрийвчийг олсон өөр нэгэн залуу шуудхан л тамхи авч харагдсанаас үзвэл тийм ч найрсаг хүмүүс биш бололтой.

4. Нью Йорк, АНУ

5. Москва, ОХУ

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 7

“Reader’s Digest” сэтгүүлийн уран бүтээлчдийн албаар гээсэн 12 түрийвчний нэгийг офицер Эдвард Анитпин олж өгсөн бөгөөд тэрээр офицер хүний эзэмшвэл зохих ёс суртахууны хэм хэмжээгээ баримталж, иргэнийхээ үүргийг биелүүллээ. Миний эцэг эх намайг үнэнч шударга, төлөв даруу хүн болгож хүмүүжүүлсэн гэжээ. Гээсэн түрийвчийг эргүүлж өгсөн өөр нэгэн хүний хувьд "Хүмүүс ер нь нэг нэгэндээ тус дэм болж амьдрах хэрэгтэй гэж боддог. Хэрвээ би хэн нэгэнд жаахан ч гэсэн тус хүргэж чадсан л бол үнэхээр баяртай байх болно" хэмээн ярьсан байна.

5.Москва

6. Амстердам, Недерланд

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 7

Сэтгүүлчид түрийвчээ хотын хөл хөдөлгөөн ихтэй маш олон газар албаар гээжээ. Тэдний нэг бол супермаркет руу орж явахдаа гээсэн тохиолдол бөгөөд үүнийг анзаарсан Анжелик Монсур (42 нас) сэтгүүлчийг дэлгүүрээс гарч ирэх хүртэл гадаа нь хүлээж байгаад эргүүлж өгсөн байна. Харин өөрийгөө Юлий Маарлвилд хэмээн танилцуулсан хүний хувьд түрийвчийг аваад архины дэлгүүр рүү явжээ. Сэтгүүлч түүний араас ортол Юлий түүнд хандаж “Чи түрийвчнийхээ араас явна уу? Хэрэв тийм бол дэлгүүрийн ажилтан доторх утасны дугаар руу чинь залгаж байгаа. Манай эхнэр нэг удаа түрийвчээ гээж байсан юм. Азаар хүн олоод эргүүлж өгч байсан юм. Үнэнч шударга байх нь гайхамшиг биш гэж үү?” гэсэн байна.

6. Амстердам, Недерланд

7. Берлин, Герман

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 6

Сургалтын төвд багшилдаг Сэйран Кобан гэх эмэгтэй түрийвчийг нэг залуутай зэрэг олж харжээ. Гэвч тэрээр залуу хүүг түрийвчийг авахыг зөвшөөрөлгүй өөрөө авсан бөгөөд шуудхан л утас цохиж эргүүлж өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “Би тэр хүүд итгээгүй юм. Учир нь миний итгэлийг маш олон хүн буруугаар ашиглаж урмыг минь хугалж байсан болохоор хүнд тийм ч амар итгэхээ байсан л даа!” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Харин 46 настай Бэн Салем түрийвчин дэх ээжтэйгээ авахуулсан гэрэл зургийг нь хамгийн түрүүнд харжээ. Тэрээр өөр юу ч байсан хамаагүй гэрэл зураг бол хүнд байдаг хамгийн эрхэм зүйл шүү дээ гэсэн байна.

7. Берлин, Герман

8. Любляна, Словени

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 6

Словений нийслэл Любляна хот бол 280.000 орчим хүн ам оршин суудаг хамгийн том хот юм. Дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотыг шалгаруулах сорилд санаандгүй хамрагдаж сэтгүүлчдийн гээсэн түрийвчийг эргүүлж өгсөн хүмүүсийн нэг бол 21 настай оюутан Манка Смолей байлаа. Тэрээр нэг удаа цүнхтэй бүх зүйлээ алдаж байсан болохоор түрийвчээ гээсэн хүнд ямар байсныг төсөөлж байсан гэжээ. Харин 50 гаруй настай нэг эрэгтэй түрийвчийг олчихоод хэсэг утсаар ярьж зогссоноо үнэтэй машиндаа суугаад алга болсон гэнэ.

8. Любляна, Словени

9. Лондон, Англи

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 5

Польш гаралтай Урсула Смист (35 нас) гээсэн түрийвчийг олоод даргадаа аваачиж өгсөн гэнэ. Тэрээр “Хэрвээ чи мөнгө олох юм бол дур мэдэн авч огт болохгүй!” гэж хэлсэн менежерийнхээ үгийг санаад ийнхүү менежертээ өгчээ. Магадгүй энэ мөнгө гэр бүлээ тэжээх гэж яваа ядарсан эмэгтэйн эцсийн бутархай мөнгө ч байж болох шүү дээ гэж Урсула бүсгүй бодсон гэнэ.

9. Лондон, Англи

10. Варшав, Польш

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 5

Албаар гээсэн 12 түрийвчний нэгийг биотехнологич мэргэжилтэй Марлина Каминска (28 нас) олсноосоо хойш 3 цагийн дараа сэтгүүлчдэд эргүүлэн өгчээ. Тэрээр түрийвчийг олсон даруй автобусанд суугаад яваад өгсөн ч ажлынхантайгаа ярилцаж байгаад эргүүлж өгөхөөр шийдсэн гэнэ. Харин үлдсэн 7 түрийвчний хувьд бүгдийг эмэгтэй хүн олсон ч эргүүлж өгөөгүй байна.

10. Варшав, Польш

Ингээд жагсаалтын хамгийн сүүлд буюу №16 дахь хотоор Португалийн Лисбон хот нэрлэгдсэн ба албаар гээсэн 12 түрийвчний нэгийг нь л эргүүлж өгсөн байна. Эдгээр хүмүүсийн оронд та байсан бол яах вэ?

Ийнхүү бид дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудын нэг болох Москвад сурч хөдөлмөрлөж байна.Дээд язгууртан гэж өөрсдийгөө дөвийлгөдөг Англичуудаас,хатуу чанд дэг журамтай гэдгээрээ алдартай Немцүүдээс Москвичууд маань дээгүүр орсон байгааг харах таатай байлаа.Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ.Та ч бас Монгол хүний сайхан сэтгэл,үнэнч шудрага занг харуулж болно шүү дээ.

Эх сурвалж:www.playskull.mn


Л.Долгормаа

You Might Also Like

0 сэтгэгдэл