Миний хамгийн том давуу тал бол “ Би Монгол хүн”

Миний хамгийн том давуу тал бол “ Би Монгол хүн”

Арван зургаахан настайдаа төрийн дээд одон медаль болох “Алтан Гадас” одонгоор шатрын спортод гаргасан хөдөлмөрөө мялаалгасан дэлхийн шатрын холбооны ОУ-н мастер,Ле Мон клубын гишүүн  Алтан-Өлзийгийн Энхтуулийг танилцуулж байна. Дэлхийн өсвөрийн аварга шатарчин маань одоогоор ОХУ-н Москва хотод суралцаж байгаа бөгөөд сургуулиа төгсөж ирээд Эх орондоо анхны шатрын их сургууль нээх мөрөөдөл тээж явдаг юм билээ. Ингээд та бүхэндээ оюуны олимп гэх шатрын спортод амжилттай яваа ухаалаг залуу тамирчинтай хийсэн ярилцлагаа толилуулъя.

Ле Мон: Чамд энэ өдрийн мэндийг хүргэе ! Шатрын спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу? Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?

А.Энхтуул : Баярлалаа танд ч бас, би 9-н настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анх Ц.Батболд багшийн удирдлаган дор “Төр Монгол клуб”-д хичээллэж эхэлснээс хойш 10-н жил өнгөрчээ. Энэ онд клубын маань 11-н жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд 8-р сарын 9, 10-нд “Төр Монгол” нээлттэй шатрын тэмцээн зохион байгуулсан.

Ле Мон : Шатрын спортыг яагаад сонирхох болсон бэ? Магадгүй гэр бүлийнхэн чинь нөлөөлсөн үү?

А.Энхтуул: Аавыг маань Г.Алтан-Өлзий, ээжийг маань Х.Валя гэдэг. Манай гэр бүлд надаас өөр шатар тоглодог хүн байхгүй ээ.

Ле Мон: Шатрын спортоос сурсан хамгийн том зүйл ?

А.Энхтуул: Би жаахандаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан харин энэ спортоор хичээллэснээр илүү тэвчээртэй даруухан болсон. Шатрын спортын хамгийн чухал нь хүнд тэвчээр суулгадаг.

Ле Мон :Дэлхийн өсвөрийн аварга болтол олон даваа нугачааг давж амжилтанд хүрсэн байж таарна. Хамгийн их хүч хөдөлмөрөөр авсан ялалт ?

А.Энхтуул: 2011 онд Бразил улсад “Өсвөрийн Шатарчдын Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээн насны ангиллаар явагддаг. Тэр дундаа хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болдог нь “Ахлах нас” буюу 18-ны насныхны хооронд мэргэжлийн тамирчид өрсөлддөг. Энэ тэмцээнд тоглоод “Хүрэл” медаль авсан юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ тэмцээнээс амжилтын буухиа тасраад байсан ч 6-н жилийн дараа энэ хүндтэй медалийг Эх орондоо авчирсандаа их бахархдаг.

Ле Мон : Амжилтуудыг чинь сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамгийн сүүлд гаргасан амжилтаасаа дурьдвал?

А.Энхтуул: Өнгөрсөн 6-р сарын сүүлээр Украйн улсад зохиогдсон тэмцээнд оролцоод ирсэн. Миний хувьд их амжилттай оролцсон гэж бодож байгаа. Өөрийн рейтингээ 40-н хувиар ахиулсан мөн 8 сарын 5-нд Эх орондоо зохиогдсон “Залуучуудын Шатрын Аварга” шалгаруулах тэмцээнд түрүүлж 20 хүртэлх насны “Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.



Ле Мон : Чиний тооцоолсноор хамгийн хүчтэй өрсөлдөгчид?

А.Энхтуул: ОХУ-н шатарчид маш хүчтэй өрсөлдөгчид байдаг. Мөн Гүржийн охид Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтдаг.



Ле Мон : Өрсөлдөгчидөөсөө ялгарах чиний давуу тал?

А.Энхтуул: Би ямар ч тохиолдолд шантардаггүй, хожигдлын байрлалд орсон ч тэрийг тэнцүүлээд ч юм уу, аль болох хожлын байрлал руу оруулж чаддаг.

Ле Мон : Ялагдаж сураагүй хүнд ялалт ирдэггүй гэдэг чиний хувьд ч үүнийг амжилттай туулж чадсан байх. Яалт ч үгүй хожигдсон үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулж дараагийнхаа тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?

А.Энхтуул: Сэтгэлд хүнд туссан ялагдлын стресс мөд гардаггүй. Харин тэр үед анхаарлаа өөр зүйлд хандуулан түр шатраасаа хөндийрч, хэсэг хугацааны дараа эргээд бэлтгэлдээ ордог.

Ле Мон : ОХУ-д суралцдаг. Аав ээжээсээ хол хүний газар сураад хажуугаар нь шатрын спортоороо хичээллээд явахад хүндрэл бэрхшээл хэр гарч байна?

А.Энхтуул: Мэдээж Эх орон эцэг эхээсээ хол байна гэдэг хэцүү. Ялангуяа Москвад сурахад надад эхэндээ хүмүүс нь их хүнд сурталтай юм шиг санагдаж байсан. Гэвч тэр  болгонд шантраагүй. Илүү биеэ дааж сурсан мөн тэвчээртэй болсон гээд Орос орноос олон зүйлийг сурч мэдэж авсан. Хамгийн гол нь ОХУ өөрөө шатрын өлгий нутаг болохоор надад сурах юм их бий.

Ле Мон : Дэлхийн орны тамирчидтай оюун ухаанаа уралдуулж яваа залуу тамирчны хувьд Монгол шатарчдын ялгарах онцлог юу байна?

А.Энхтуул: Монголчууд хаана ч очсон тэр газрынхаа цаг агаар, байгалийн нөхцөлтэй амархан дасан зохицож чаддаг. Мөн их тэвчээртэй гээд олон давуу тал бидэнд бий.

Ле Мон : Шатар сайн тоглохоос гадна өөрийн блогийг хөтлөн бусадтай санаа бодлоо хуваалцдагийг чинь тийм ч олон хүн мэдэхгүй байх аа. Цаагшид блогоо үргэлжлүүлэн хөтөлсөөр байх уу?

А.Энхтуул: Чөлөөт цагаараа блог хөтлөн бусадтай үзэл бодлоо хуваалцах нь миний бас нэгэн хобби. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан л даа. Гэвч шатрын спортоор хичээллэснээр энэ мөрөөдөл маань бага зэрэг цалгардсан. Гэхдээ зав л гарвал бичлэгийн ур чадвараа дээшлүүлж илүү сайн бичихийг хичээдэг.

Ле Мон : Шатар тоглох, блог хөтлөхөөс гадна өөр ямар авъяас чамд нуугдаж байна?

А.Энхтуул: Би морин хуур тоглож сурсан. Бас дуулах дуртай. Урлагийн төрлүүдэд өөрийн авъяасаа сорихыг хүсдэг. Мөн гадаа хэл сурах сонирхолтой, одоогоор Хятад хэл сурч байгаа.

Ле Мон : Чиний араас залгамжлах бяцхан шатарчдадаа юу гэж зөвлөх вэ?

А.Энхтуул: Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ өөрөө маш их сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, туушдаа хичээж чадвал хүн бүр амжилтанд хүрэх боломжтой. Мөн хувийн зохион байгуулалт өндөр байх хэрэгтэй гэж боддог. Залхууралгүй тэвчээртэй хичээллэх нь шатрын спортод хамгийн чухал .

Ле Мон : Эх орныхоо нэрийг өөрийн оюуны хүчээр дуурсгаж яваа залуу хүний хувьд Монгол орныхоо хөгжлийг хэрхэн харж байна вэ?

А.Энхтуул: Хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Хүн хөгжих юм бол Эх орон хөгжинө. Хүчтэй иргэнтэй улс орон хүчтэй байна гэж боддог. Тийм болохоор Эх орныхоо хөгжлийг холоос биш өөрсдөөсөө хараасай гэж хүсдэг.

Ле Мон : Чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Оролцохоор төлөвлөсөн тэмцээн уралдаан, цаашдын замд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

А.Энхтуул: Маш их баярлалаа. Нийт оюутан залуус болон Ле Мон клубын залуус  та бүхэндээ ч бас амжилт хүсье.
Ярилцсан:Л.Долгормаа

You Might Also Like

4 сэтгэгдэл

  1. Сайхан ярилцлага болжээ! Бахархаж байна Энхтуулаараа. Чамдаа амжилт хусье!

    ReplyDelete
  2. Saihan yariltslaga boljee. Ta buhendee amjilt husye!!!

    ReplyDelete
  3. :) lemonchuud mundag shuu :) bugded n amjilt shan yariltslaga hiisen ta 2too bayarlalaa :)))

    ReplyDelete