ЁОЛК /дурсамж/

Би Архангай аймгийн Цэцэрлэг хот хуучнаар бол Хангамж /одоогийн Цогт-Уул баг/-ийн хүүхэд л дээ. Эргэн дурсахад хамгийн сайхан мөчүүдийн нэгэнд шинэ жил орно. Дунд сургуулийн шинэ жил /бидний үед ёолк гэдэг байв/ маш гоёо болноо. 12 сарын сүүлээр бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг усан будгаар будан нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон ихэнхдээ л жонхуугаар /завод цавуу ховор байж дээ тэр үед/ наана. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоодуулан оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийж түүнийгээ “Гинж” хэмээн нэрлэнэ. Өнгийн цаас ховор байсан бололтой болж өгвөл л дэвтрийнхээ цаасыг будаж нугалаад, хайчлаад л янз бүрийн амьтадын дүрс, цасан ширхэг хийнэ. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.
Бидний үед сургуулийн нэг давхарт байрлах хоолны заал юмуу биеийн тамирын заалыг чимэглэн ёолкоо тэмдэглэдэг байлаа. Ёолк болох зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татан мөнөөх хайчилсан цасан ширхэгүүд, элдэв амьтадын дүрстэй цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаад хананд бэхэлнэ. Эдгээр чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь жинхэнээсээ цасан ширхэгийг “орлож” байгаа хэрэг. Гацуур модоо өнөөх л цаасан чимэглэлүүдээрээ гоёж, чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоёо харагддагсан. Ингэж зассан заал маш сүртэй сайхан харагдана.
Сургуулийн ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд бараг сар шахуу бэлтгэл хийн давтдаг байв. Хэн юу хэлэх, ямар хөтөлбөртэй байхыг дээрээс ирсэн тушаалын дагуу гүйцэтгэнэ. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их л хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангуй харна. Шинэ жилийн бэлтгэлийг ягштал сайн, чанарын өндөр түвшинд бэлтгүүлэхийн тулд оролцогчдыг хичээлээс чөлөөлөн, зарим нэг хичээлийн дүнг автоматаар “Онцсайн” гэж тооцох нь ч бий.
1990-ээд оноос өмнө байсан учраас ганцхан ёолкоор л тавгийн идээ базааж, бууз банш бэлтгэн баярлана шүү дээ. Айл болгон гэртээ ёолкоо засаж гар исгэмээр шинэ мөнгөнүүд тавина. Цагаан сар хийдэггүй хөдөө амьдардаг хүмүүс л “Малчдын баяр” /”Нэгдэлчдийн өдөр”/ хэмээн хуучин тооллоороо тэмдэглэдэг байсныг санаж байна. Бид хийж болохгүй гэж боддог байлаа...Ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжээгүй бол хамаг өв, соёл, уламжлал, түүхээ мэдэхгүй эрлийз нөхдүүд болох байсан гэж бодохоос хүйтэн хөлс чийхрэх юм...
Ёолкноос өмнө дэлгүүрүүдэд их том улаан алим, мандарин ирээд хүн болгон л авах гэж оочерьлоно шүү дээ. Ихэвчлэн “Маамуу” нэртэй дэлгүүрээс л ёолкоор хэрэглэх алим, мандаринаа авдаг байж дээ. Ховрын юм болоод тэгдэг үү? Алимных нь шүүслэг, мандириных нь сайхан үнэртэй бас амттайг хэлэх үү? Шинэ жил дөхөх бүрт тэр л үнэр, тэр л амтыг өөрийн эрхгүй санах юм даа... Одоогийн алим, мандарины амт нь тэр үеийнхийг гүйцэхгүй санагдаад байдгийн.
За тэгээд сургуулийн шинэ жилээр баярын үйл ажиллагааг нээж захирал үг хэлнэ. Хөтлөгч маань их дуугаар үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ. Тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсаар “Өвлийн өвөө”, цасан охид, ан амьтад, алиалагчидтайгаа ирснийг зарлахад хүүхэд бүр үүд рүү өнгөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр чимж торгомсог нөмрөг нөмөрсөн, цав цагаан сахал, монгол гутал, улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, 2 алиалагчтайгаа орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ дээ. Тухайн жилийн шилдгүүдийг шалгаруулан “Онцсайн” суралцсан хүүхдүүд өвгөн ааваас бэлгээ гардуудах бүрт алга ташилт ч аадар бороо мэт шаагин атаархангуй харц бэлгэн дээр тусна. Бор цаасан ууттай бэлгэн дотор нөгөө л сайхан амттай алим, мандарин ёс юм шиг байсан санагдана.
Одоо бодоход алиалагчид нь багш нарын тодорхойлсон дульхан сурлагатай, сахилга батгүй хүүхдүүдийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим ичингүйрэн толгой гудайдаг байлаа. Өнөө үед ингэвэл хүний эрх зөрчлөө хэмээн шүүхийн хаалга татаж магадгүй шүү.
Шинэ жилийн концерт маш сайхан болноо. Дуу хөгжмийн багш “баяан”хөгжим тоглож хүүхдүүд дуулна. Ахлах ангийнхан бол “баяан” хөгжмийн аянд заавал сурах 10 бүжгээ /”Хүмүн төрөлхтөн”, “Задгай цагаан”/ бүжиглэдэг гэсэн. Багийнхан бол бэлтгэсэн концертоо үзэж бэлгээ авах нь авч, дурандуулж шоолуулах нь шоолуулаад л тардагсан.
Өвлийн тэсгим хүйтэнд дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ л өдөр сургуулийн заалыг дүүргээд зогсохгүй гэртээ ч гэсэн аз жаргалыг авчирдагсан.
Энэ миний л бага насны мартагдашгүй дурсамж, шинэ он гарах дөхөхөд байнга сэдэрдэг маш том улаан өнгөтэй шүүслэг алимны амт, хамар сэтлэм сайхан үнэртэй мандариныг санагдуулдаг “Ёолк” юм даа.

Б.Энхмаа /сэтгэл зүйч, багш/

You Might Also Like

1 сэтгэгдэл

  1. Гоё бичиж ээ, сайхан дурсамж байна шүү.

    ReplyDelete