Цаг хугацаа, зөв сонголт, хүсэл мөрөөдөл

Миний бодол III

Цаг хугацаа, зөв сонголт, хүсэл мөрөөдөл.

Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж өөрийн бодлыг хуваалцмаар байна.

Би 2010 онд Орос хэлнээс бусад бараг л бүх хичээлээр конкурс өгсөн. Ахлах ангийн сурагч байхдаа Хятад улсын тухай судлах, эх хэлийг нь сурах миний нэг хүсэл байсан юм. Гэхдээ би ганцхан Хятад хэлээр ч зогсохгүй улс төр, олон улсын харилцаа, эрх зүй, шатрын дасгалжуулагч мөн зохион байгуулагч гээд их олон төрлийн сонирхолтой сурагч байлаа. Оюутан болоход надад эдгээрээс зөвхөн нэгийг нь үндсэн мэргэжилээр сонгох шаардлагатай. Би Монгол Улсын Их Сургуулийн Гадаад Хэл Соёлын Сургуульд Хятад хэл судлалын ангид 2010 онд элсэн ороод нэг жил суралцсан. Яагаад гэвэл надад шатрын спортын чиглэлээр ОХУ-ын нийслэл алтан Москвад суралцах завшаан тохиож, 2011 онд хойд хөршийг зорисон билээ. Хэрвээ би Монголдоо сурч байсан бол одоо ||| курсын оюутан. Энд ирснээсээ хойш өөрийгөө бага ч болов зарим зүйлийг ойлгосон гэж бодож байгаа.

Нэгдүгээрт, эхний шатны дээд боловсролыг төрөлх хэл дээрээ, эх орондоо суралцах нь зөв юм шиг санагдсан. Хоёрдугаарт, цаг хугацаа алдахгүйн тулд анхнаасаа зөв шийдвэр гаргаж, тууштай байх явдал. Гуравдугаарт, гадаад хэл бол мэргэжил биш. Гэхдээ энэ бол миний л бодол. Хэрвээ таны үндсэн сонголт гадаад хэл судлал биш бол заавал их, дээд сургуульд суралцахгүйгээр өөрөө бие даан эсвэл тусгай дамжаа, курсэд суралцахад нэн тохиромжтой. Миний бодлоор Англи, Орос, Хятад гэсэн гурван хэлийг ялангуяа монгол хүн сурч мэдэх ёстой. Манай улс урд, хойд хоёр хөршийн дунд байрладаг учраас Орос, Хятад хэлийг сурвал зохилтой. Дэлхий дахинд Англи хэл тэргүүлэгч тул заавал мэдэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, хэн нэгний буруу зөвлөгөөг дагалгүйгээр өөрийн сурахыг хүсэж байгаа чиглэлийг сонгох нь суралцах урам зориг, эрч хүчийг авчирдаг. Хамгийн гол нь ирээдүйд өөрийн хийсэн сонголтондоо харамсахгүйгээр суралцах нь оюутан хүнд чухал байдаг.

Заримдаа надад шантрах үе гардаг. Би тэр үед Хятад хэлний анги, ОХУ-д суралцах эрх эдгээрийг сонгосондоо 'яагаад' гэдэг асуултыг өөртөө тавьдаг. Хариуцлагатай мөчид би магадгүй сэтгэлийн хөөрлөөр бүгдийг ойлгосон, гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор шийдвэр гаргасан байх, мөн 16 настай байхдаа би энэ тал дээр сайн бэлтгэгдээгүй байсан. Иймд сурагч та нар минь эртнээс өөрсдийн зорилго, хүсэл мөрөөдлийг тодорхойлох юм бол зөв сонголт хийж, цаг хугацааг алдалгүй амжилтанд хүрэхэд ойртоно.

Монголын гэрэлт ирээдүй болсон залуус бид ухаалаг амьдарч, улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож, хувь нэмэр болох учиртай.

Хүндэтгэсэн,

А.Энхтуул

 

 

 

You Might Also Like

0 сэтгэгдэл