"Эх орны хөгжил миний нүдээр" сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлын тухай
Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб, МОХ-ноос хамтран “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 26-нд Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Самдангийн Банзрагч, Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн багш, СХУ-ны доктор /Sс. D/, профессор Л. С. Подымова нар үг хэлэв. Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн эдийн ухааны доктор /Sс. D/, профессор И.М. Потравный мөн ОХУ-ын Онц байдлын яамны харъяа Иргэний хамгаалалтын Академийн сонсогч, хошууч Б. Ганхүү нар урилгаар оролцон сонирхолтой илтгэл танилцуулав.
Уг хуралд ОХУ-ын Москва, Липецк, Томск, Белгород, Донын Ростов, Новомосковск зэрэг хотуудаас нийт 30 гаруй залуусын илтгэл хэлэлцүүлснээс Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн оюутан Г. Хулан “Монгол оюутны ажил хойшлуулалт” сэдэвт илтгэлээр нэгдүгээр байр, Москвагийн зам харилцааны их сургуулийн магистр, Б. Мөнх-Оргил “УБТЗ ХНН-н Зүтгүүрийн Аж Ахуйн хөгжил, түүний чиг хандлага” сэдэвт илтгэлээр хоёрдугаар байр, Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Ч.Номин “Агаарын бохирдол ба вермикулит” сэдэвт илтгэлээр гуравдугаар байр эзлэв. Мөн “Ле мон” клубын нэрэмжит шагнал – “Монголд байгалийн хийг хөдөлгүүрийн түлшинд ашиглах боломж ” сэдэвт илтгэлээр Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн магистр Ц. Дэлгэрмаа, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн нэрэмжит шагналыг “Соёлыг нь сурах уу? хэлийг нь сурах уу?” сэдэвт илтгэлээр Липецк хотын багшийн их сургуулийн оюутан Б. Нарангэрэл, Монголын лектор төвийн нэрэмжит шагналыг Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн аспирант Д. Сувд-Эрдэнэ нар хүртлээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан залуусын эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж, бүтээлийг нь өндрөөр үнэлэн хамтран ажилласан Монголын Оюутны Холбоо, Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН, Монголын Лектор төв, ”Мөнх Тэнгэр” Монгол ахан дүүсийн холбоо ТББ, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-д нийт оюутан залуусынхаа өмнөөс талархалаа илэрхийлье.
Манай улсын ШУ-ны салбарт тулгамдаж байгаа чухал асуудлуудын хүрээнд бүх мэргэжлээр суралцдаг залуучуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, мэдлэгийг гүнзгийрүүлэх, тэдний илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэ бага хурал чухал ач холбогдолтой боллоо.
/Жич: Монгол улсаас Монголын оюутны холбооны тэргүүн Х.Батсайхан нийт оролцогчид болон зохион байгуулагч нарт амжилт хүсэж баяр хүргэн мэндчилгээ хүргэлээ/.
0 сэтгэгдэл